Мэндчилгээ


Нийслэлийн Ардчилсан нам 2012-2016 онд Таны дэмжлэг, иргэдийнхээ даалгавараар “5А” мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 4 жилд хийсэн ажил их байсны адил өмнө маань бас хийх ажил их байна. Их хотын ажил угаасаа их байдаг. Арав хорин жил болсон ч ажилласан болоод орхиод явах хоноцын сэтгэлээр хандалгүй, ачаа, амжилтыг хамт үүрэх эзний сэтгэлээр зүтгэхэд ажил их байх нь мэдээж. 2016 оны 06 дугаар сарын 29 ний Сонгууль бол Улаанбаатарын хөгжил урагшлах уу, ухрах уу гэдгийг шийдэх сонголт.Газар авсан газрын наймааг, тэвчээр барсан хүнд суртлыг, харанхуй гудамж, хавчиг замыг, суудалдаа эрдсэн дарга нарыг, хогондоо дарагдсан хотыг бид мартаж эхэлж байна.

Улаанбаатар мартаж байгаа өчигдөр рүүгээ ухрахгүй. Улаанбаатар урагшилна. Одоо Улаанбаатарынхны зовдог асуудал, зорьдог тэмүүлэл ондоо болсон. Ажил төрөл тогтвортой, авдаг олдог нь өсөлттэй, дэргэдээ сургуультай, иргэддээ ээлтэй, хүүхэд нь эрүүл, хөгшид нь налгар тийм орчинд, ийм хотод амьдрахыг нийслэлийнхэн зорьж хүсч, итгэж зүтгэж байна.Орон сууцанд орох олон олон айлын, банкны зээлээ барагдуулах түм түмэн залуусын, хүнээс хамаарахгүй хөл дээрээ босох мянга мянган бизнес эрхлэгчдийн САНАА ЗОВОХГҮЙ, БУСДААС ХАМААРАХГҮЙ амьдрах зорилго мөрөөдлийг наашлуулан НЭМЭХ хөтөлбөрөө Нийслэлийн Ардчилсан нам боловсрууллаа.

Энэ бол “5А” мөрийн хөтөлбөрийн үргэжлэл. Энэ бол та бидний ажлын “5+” төлөвлөгөө. Шударга, нээлттэй засаглалаа, их хотын эдийн засгаа, орчин үеийн орон сууцаа, ногоон байгууламж, эко орчноо таны дүүрэг, манай хороонд яаж улам НЭМЭХ талаар 5 бүлэгтэй “5+” төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөө маань ажил болон үргэлжлэх ѐстой. Улаанбаатар хот хөгжлийн хурд, бүтээн байгуулалтын эрчээ улам НЭМЭХ болтугай.

Нийслэлийн ардчилсан нам